Соёлыг түгээцгээе 35. Жендерийн зарим хэвшмэл ойлголтоос салах нь
-Эр хүн уйлах эрхтэй-
Эр хүн уйлдаггүй гэсэн тогтмол үзэл манайханд байдаг. Эр юм байж юундаа уйлдаг юм чи гэх мэтээр хэлэх нь энүүхэнд. Жаахан хүү тоглож байгаад бүдчиж унаад уйлах юм бол “эр хүн чинь уйлдаггүй байхгүй юу миний хүү” гэж аргадах нь олон. Тиймээс эрэгтэй хүүхэд багаасаа л би эрэгтэй юм чинь уйлж болохгүй ээ гэсэн хандлага үзэл бодолтой өсдөг.
“Чи эр хүн шүү. Эр хүн хэзээ уйлж байлаа” гэх мэтээр эцэг эхчүүд хөвгүүдээ хаалттай нэгэн болгож амьдралд бэлддэг байна. Энэ нь хожим өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хатуу дотогшоо нэгэн болгон төлөвшүүлж, өөрийнхөө хураасан сэтгэл хөдлөлөө зохисгүйгээр гаргадаг хүнийг бүтээдэг байна.
Зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэддэггүй. Сэтгэлзүйчийн зөвлөж байгаагаар хүүхдэдээ тоглоомын аргаар ойлгуулах хэрэгтэй гэнэ. Хүүхэд уйлж л байг. Эрэгтэй хүүхэд сайн уйлаад өөрийнхөө мэдрэмжийг зөв зохистой илэрхийлээд сурах юм бол хэнд хэрхэн уурлахаа шийдэж чаддаг болдог. Хүүхдээ өөртөө итгэлтэй, зөв хүн болгохыг хүсвэл хайраа илэрхийлдэг хүн болгож төлөвшүүлэх хэрэгтэй ажээ.
Хүүхэд байхад аав маань хааяа нэг халамцуухан ирээд уйлдаг байж билээ. Тэгэхэд нь аав уйлаад байхдаа яадаг байна гээд ичдэг байж билээ. Одоо бодох нь ээ хөөрхий аавын минь уйлах боломж нь архи л байж дээ. Магадгүй эр хүн уйлдаггүй гэдэг тэр үзлээр аав минь нулимсаа залгиж явсан байх даа гэж хожим нь бодож сууна. Хүн чинь усан нүдтэй цусан биетэй шүү дээ. Сэтгэл хөдлөлөө нулимсаараа илэрхийлдэг цор ганц амьтан бол хүн. Хүний амьдралын хар бараан, аз жаргалтай гэрэл гэгээтэй бүхэн, өнгөрсөн цаг хугацаанд алдарсан мөрөөдөл гээд тэр бүхний илэрхийлэл нь нулимс юм. Тиймээс бид эр хүн уйлдаггүй гэдэг бодлоосоо салах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдээ уйлуулж сурга. Уйлж байгаа эр хүн сул дорой харагддаг гэдэг хэвшмэл үзлээс салга.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан амиа хорлолтын тоо хэмжээг харуулсан 2017 оны тоо баримтаар Монгол Улс 100 мянган хүн тутамд 28.1 нь амиа хорлодог гэжээ. Энэ үзүүлэлт нь дэлхийд гуравдугаар байранд орох үзүүлэлт. Хүйсийн харьцааны хувьд нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 эмэгтэй амиа хорложээ. Жилд дунджаар 346 эрэгтэй, 66 эмэгтэй амиа хорлосон бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлосон болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна.
Амь хохирогчдын дийлэнх нь нээлттэй биш хүмүүс байжээ. Дийлэнх тохиолдолд амь хохирогчид нь асуудлаа ярьдаггүй, нээлттэй биш байсан нь ар гэрийнхэн болон найз нөхдийнх нь мэдүүлгээр тогтоогджээ.
Тэд бүхнийг өөрөө даван туулна гэж зүтгээд, бүтэхгүй бол эцэстээ шантарч энэ аргыг сонгож байгаа юм. “Эр хүн уйлдаггүй гэж хүүдээ хэлэх нь буруу” гэж сэтгэлзүйч Д.Оюунбилэг хэлсэн байдаг. Мөн эцэг эхчүүд хүүхдээ өөрийнх нь хариуцлагыг үүрүүлж сургах хэрэгтэй гэнэ. Бид багаас нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ хариуцлага хүлээх төлөвшлийг нь тэр бүр бий болгодоггүй. Жишээ нь хүүхэд газар уналаа гэхэд шалыг нь зодож байгаа мэт дүр үзүүлдэг. Гэтэл хүүхэд өөрөө явж байгаад л унасан шүү дээ. Шалыг буруутгахын оронд уйлж байгаа хүүхдээ босгоод тайвшруулах хэрэгтэй. Тэгвэл хүүхэд өөрийнхөө сэтгэлзүйд хариуцлага хүлээж сурна. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл, бодол үйлдэлдээ хариуцлага хүлээх чадвартай болдог байна.
Хотын хүн танд амжилт хүсье.
Эх сурвалж: gogo.mn