Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гарч, бүтээгдэхүүнээ хямдралтай борлуулсан юм. Үзэсгэлэн худалдаанд Монголын уламжлалт гар урлалаас эхлээд дэлхийд гайхуулахуйц монгол брэндийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.
Б.Дуламсүрэн: Япон улс руу бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн
“Агни” компанийн үүсгэн байгуулагч, менежер Б.Дуламсүрэн
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ үнэ төлбөргүй үзэсгэлэн худалдаанд урьж оруулж байгаад баяртай байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдээ ийнхүү дэмжиж байгаа нь сайн хэрэг. Манай компанийн үүсгэн байгуулагчид нь эмэгтэй хүмүүс байдаг. Тэр утгаараа уригдсан байх гэж бодож байна. Манайх байгуулагдаад 20 жил болж байгаа бөгөөд бүх төрлийн арьсаар цүнх, хувцас, жижиг эдлэлүүд гэхчлэн гутлаас бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг тансаг хэрэглээнд ордог. Манай бүтээгдэхүүн чанартай хэрнээ хямд үнэтэйд тооцогддог. Тиймээс ч дотооддоо борлуулаад зогсохгүй Япон улс руу экспортод гаргаж эхэлсэн.