Их хотын бүсгүйчүүд 2022

2022 оны 03 сарын 07

Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулах ёслол 2022.03.07-ны өдөр "Нийслэлийн Соёлын Төв Өргөө"-ийн тайзнаа зохион байгуулагдлаа.

НЗДТГ-аас санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслол зохион байгуулж, их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулан, шагнал гардууллаа.


Гурав дахь жилдээ зохион байгуулж буй хүндэтгэлийн ёслолыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж үг хэллээ. “Нийслэл хотын эмэгтэйчүүд үеийн үед, цаг цагийн хөгжилд соёл урлаг, хөгжлийн хувьслын тэргүүлэгчид байсан. Нийслэлд нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 46 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хотын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдтэй эн тэнцүү байгааг илтгэж байна. Хүүхдээ асарч хүмүүжүүлж, гэр бүлээ өөд татахын хажуугаар улс орныхоо хөгжилд боловсролтой, мэдлэгтэй, бүтээлч хойч үеийг төлөвшүүлэн өгч, өөрсдөө ч манлайлан хөдөлмөрлөж байгаа нь бахархал юм” хэмээн өгүүлсэн юм. 

“Бизнесийн салбарын шилдэг” номинацийн эзэн Ц.Зэс-Эрдэнэ

“Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын “Бизнесийн салбарын шилдэг”-ээр шалгарсан Ц.Зэс-Эрдэнэ айлын тав дахь хүүхэд бөгөөд төрөхийн хүндрэлээс үүдэн саажилттай болж, таван нас хүртлээ алхаж чаддаггүй, ээрч ярьдаг байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр хөгжлийн бэрхшээлийг аав ээж, ах эгч нарынхаа тусламжаар даван туулж, 117 дугаар цэцэрлэгт эрүүл хүүхдүүдтэй хамт суралцан, 2000 онд “Ирээдүй цогцолбор” сургуульд бага ангиа дүүргэж, 2010 онд 81 дүгээр сургуулийг төгссөн байна. 2011 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцан бакалаврын боловсрол эзэмшиж, 2017 онд магистрын зэрэг хамгаалжээ. Хөгжлийн бэрхшээлтэй учир ажилд орж чадахгүй байсан тул “Зэс брэнд” гар урлал хийн, бизнесээ эхэлж байсан бол өдгөө олон хүнийг ажлын байраар хангадаг үндэсний брэнд бүтээгч болжээ.

Түүнчлэн тус компани хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийг ажлын байраар хангах зорилготой. Ц.Зэс-Эрдэнэ дэлхийд танигдсан монгол брэнд үйлдвэрлэнэ гэж “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын тайзан дээр амласан юм.



 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ