Оросын алдарт зохиолч Ф.М.Достоевскийгийн суут бүтээлүүдийн нэг болох "Гэмт хэрэг ба Ял шийтгэл" романаас сэдэвлэсэн пост драмын жүжиг "Гэм Зэм" СТӨргөөний тайзнаа

2022 оны 06 сарын 08

Уг зохиол өөрөө 150 жилийн өмнөх Оросын нийгмийг ямар ч давс хачиргүйгээр, яг байгаагаар нь дүрүүдийн амьдралтай холбон харуулдаг. Ядуугаасаа болж тардагтаа тулсан хуулийн ангийн оюутан Раскольников Петербург хотын оршин суугчдын бүхий л үнэт эдлэлийг барьцаанд тавьж, илүү ашиг авдаг мөнгө хүүлэгч эмгэн болоод гэрч болсон эмгэний дүүг сүхээр онц хэрцгийгээр алсан нь гол дүрийн залууг алуурчин уу? Эсвэл ардын баатар уу? гэх эргэлзээнд унагах нь зохиолын гол сэдэв.

Найруулагч М.Батболд болон зохиолч Я.Баяраа, Э.Бүжинлхам нар том романыг багцлан, гол,гол зүйлсийг шигшиж, тайзны бүтээл буюу үзэгчдийг гайхшруулах хэмжээний ойлгомжтой зохиол бий болгохын тулд маш сайн ажилласан нь эхлэлээсээ л мэдрэгддэг. Бүх зүйлийн эхлэлээс, нарийн дараалалтайгаар жүжгийг эхлүүлж болох боломж байсан ч шууд л Раскольниковийн гэм зэмийг тодорхойлох шүүх хурлаар эхэлдэг нь үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, театрт суудлаа эзэлсэн цагаас хойш л шүүх хурлын танхимд, 23 настай оюутны үхэл амьдралыг шийдэх үйл явцыг амьсгаа даран хүлээх мэт үнэн уур амьсгал, орчныг мэдэрлээ.

Достоевскийгийн зохиолыг уншиж байхад роман тэр чигтээ гол дүр буруутай эсэхийг тодорхойлж, батлах гээд байгаа мэт олон зүйлийг бодуулдаг ч гэсэн төгсгөлд нь Раскольников гэмтэй үгүй нь бус гол нь уншигчид яагаад гэмтэй, яагаад гэмгүй гэж бодож, ач холбогдол өгч байна гэх шалтгаанууд, энэ бүхнийг бодуулж буй тэрхүү процесс л өөрөө зохиолын гол санаа, зорилго мэт санагдаж байсан. М. Батболд найруулагч ч энэ үзэл санааг маш ухаалгаар жүжигтээ багтаасан нь сэтгэлд асар өег байлаа. Шүүх хурлын үеэр тэс өөр хоёр ойлголт болох оюутны үхэл, амьдралын шийдвэрийг гаргахаар өмгөөлөгч болон улсын яллагч ээлжлэн өөр, өөр баримт нотолгоог харуулдаг ба энэ үйл явц эхний хэсгийг бүр улам сонирхолтой болгоно гэдгийг маш сайн тооцоолжээ.

Бараг 2 зууны өмнөх Орос улс одоогийн Монголын нийгмээс ялгаагүй байсан мэт....тийм ч учраас энэ ядуурал, гэмт хэрэг, биеэ үнэлэлт, ёс суртахуунгүй үзэлтнүүдийг олширч буйд эмзэглэсэн найруулагчийн эмзэглэл өнөөдөр бидэнд ухаарал хайрлахын тулд уг жүжгийг тавьсан нь Монголын драмын урлагт том нөлөө үзүүлэв.

Мэдээж ямар ч жүжиг үзэхэд тайзан дээр тэрхүү үзэгдлүүдийг, зохиолын гол санааг алдагдуулалгүйгээр үзэмжтэй, утга агуулгатай, ойлгомжтой тавих нь найруулагчийн жинхэнэ ур чадварыг шалгадаг. Өмнө нь олон жүжгүүд үзэж сонирхож байсан ч Гэм Зэм тэр бүгдээс тэс өөр байлаа. Өөрөөр хэлбэл энгийн хэвшмэл тайз, дизайн, тавилтыг халж дэлхийн жишигт нийцэхүйц техник технологийг оролцуулан Монголын үзэгчдийн нүдийг нээлээ.

Жижигхэн боловч хоёр давхар төмөр тайз хүрэн улаан хөшиг нээгдсэн мөчөөс л үүргээ маш сайн биелүүлж байсан гэж хэлж болно. Раскольников гавтайгаа тайзны дээд давхарт суух энэ үеэр хуульч, өмгөөлөгч хоёр тайзны доод хэсгийг чөлөөтэй ашиглаж, энэ хооронд өнгөрснийг гаргах flashback, гэрчүүдийн үйл хөдлөлүүд ч ээлж дараатайгаар тайз ашиглалтын тун ухаалаг шийдлийг батлан харуулна.

Ихэнх жүжгүүдэд үзэгдэл шилжих хооронд хөшиг хаагдаж, харанхуй нөмөрдөг ч уг жүжигт оронд нь тайзнаас буух жүжигчид өөрсдийн жижиг хэрэгслүүдээ авч, харин тайз руу гарах нь хэрэгтэй бүхнээ бариад гарч ирдэг. Харахад олон янзын л жижиг хэрэглэл, тайз өөрчлөлт, үзэгдлүүдтэй боловч тэр бүхэн тун эмх цэгцтэй шийдэлтэй.

Дурдсанчлан техник технологийн өндөр үзүүлэлттэй жүжиг. Мэдээж хүмүүсийн ярианаас энэ тухай сонсож байсан ч эхлэлээсээ авахуулаад л гэнэт олон дэлгэц, камерын шийдэл гараад ирнэ гэж төсөөлөөгүй. Дүрүүдийн харц, дүр төрх, харилцан яриаг олон өнцгөөс, дуу дүрсний өндөр чанартайгаар харуулж байсан нь үзэхэд ч урамтай, содон, сонин байж чадсан. Мөн гэрэлтүүлэг болоод дуу хөгжмийн ажилчид, шийдлүүд ч жүжгээ дагаад уран чадварлаг байлаа. Хоёрдугаар хэсгийн дундуур Раскольников, офицертэй уушийн газар уулздаг хэсэгт аяыг нь жинхэнэ цахилгаан гитартай хөгжимчин нүдний өмнө тоглохыг харж, сонсох мэдрэхүйгээ баярлуулж суулаа.

Тайзыг биш үзэгчдийг ч бүрэн эзэлж чадсан. Жүжигчид нь үзэгчдийн дундаас, гэрчүүд нь том талбайн энэ тэндээс гэнэт, гэнэт гараад ирдэг жүжиг өмнө нь үзэж байсан уу? Яг л шүүх хурлын танхимд байгаа мэт мэдрэмжийг авч байсан уу? Үгүй л болов уу. Тэгвэл Гэм Зэмийг үзээд энэ бүхнийг биеэрээ мэдэрч, үзэгч өөрөө хүртэл дүрдээ орчихно. Үнэхээр л 4 цагийн турш зөвхөн тайз ширтсэн бол тус жүжиг их л уйтгартай байх байсан биз. Энийг найруулагч маань дэндүү сайн тооцоолсон. Тэр ч бүү хэл ямар үзэгдлүүдийг яаж илүү уран аргаар, илүү сонирхолтойгоор, илүү хүртээмжтэйгээр үзүүлэх вэ гэж чин сэтгэлээсээ ухаан зарсан нь анзаарагдсан.

Раскольников мөнгө хүүлэгч эмгэнийг хороох үйл явцыг яаж харуулах бол, ихэд харгис, цус нөжөөр дүүрэн байх болов уу гэж таамаглан айдастай суусан ч жүжигчин, хөдөлгөөний найруулагч У. Эрдэнэбаяр гэх ногоон цувтай залуу гарч ирээд л ганцхан сандалтайгаа нөхөрлөн, хэдхээн минутын дотор хамгийн чухал үзэгдлийг тод томруун, ойлгомжтой, уран яруугаар үзүүлчихсэн. Миний бодлоор энэ чадварлаг залуугийн ганцаархнаа хийж гүйцэтгэсэн тэр хүнд хөдөлгөөн, илэрхийлэмжүүд уг жүжгийн хамгийн хэцүү бөгөөд чухал хэсгүүдийн нэг байсан.

Энэ мэтчилэн дурдаад л байвал жижиг сажиг гайхшралууд ч олон бий. Ерөнхийдөө жүжигт оролцсон бүх уран бүтээлчид театрын үзэгчдийн толгойг хэрхэн илүү ажиллуулж, яаж бүр илүү гайхшруулах вэ гэдэгт хамаг анхаарлаа бүрэн дүүрэн зориулж. Bravo!

Жүжгээ үзэж байхдаа манай Монгол жүжигчдийн ур чадвар, авьяас дэлхийд ч гологдохооргүй гэдгийг дахин, дахин мэдэрч суулаа. Товчхондоо найруулагч дүрүүдээ маш сайн сонгосон байна. Тэр дундаас өөрт хамгийн ихээр таалагдсан дүрүүд болоод жүжигчдийнхээ тухай дурдъя:

Жүжгийн гол дүрийг төгс тохирсон гэж ам бардам хэлнэ. Бараг 4 цагийн турш 2 хүний амийг хөнөөчхөөд, өөрийнх нь үхэл амьдралыг шийдэх шүүх хурлын танхимд буй хүний сэтгэлзүйг харуулна гэдэг уран бүтээлчээс маш их чадвар шаардах нь ойлгомжтой. Тэр ч бүү хэл зөвхөн ганц цаг, ганц нөхцөлд бус цаг хугацааны холимог байдал, олон хувирал, өөрчлөлт дунд гэмгүй нэгнээс гэмтэн, гэмтэнгээс эсэргүүн, эсэргүүнээс ардын баатар, баатраас гэгээнтэн болтлоо хувирна гэдэг асар хэцүү ажил. Гэвч Д.Лхагва дүрдээ дэндүү сайн орсон. Раскольниковын үзэл санаа, дотоод мэдрэмж, илэрхийлэмжийг өөрөө мэтээр л ойлгож, амьдаар нь хадгалж чадсан.

Улсын яллагчийн дүрд тоглосон Д. Ганцэцэг зүгээр ч нэг жүжигчин бус төрмөл жүжигчин хүн юм гэдгийг ойлголоо. Тэр яг л Алена Ивановна байж чадсан. Тайзан дээрх 23 настай алуурчныг яллахын тулд байдаг бүхий л нотолгоо, гаргалгаагаа өөрөө үзүүлж, маш олон төрлийн зүйлс хийж жүжгийн уур амьсгалыг бүр илүү үнэн болгож өгсөн.

Лужингийн дүрд Ш. Доржсүрэн тоглосон биш энэ дүрийг тэрээр бүтээсэн гэж хэлбэл илүү зохистой. Достоевский ч мөн адил шуналаар дүүрэн, эрх ямбатай, дээрэлхүү үзэлт Лужингийн дүрийг Доржсүрэн гэх чадварлаг жүжигчинд зориулж бичсэн мэт санагдана. Өөрийн үзэл бодол, мэдрэмжийг шударгаар илэрхийлдэггүй хоёр нүүрт, дүр эсгэгчдийг түүгээр л төлөөлүүлсэн гэж харлаа. Мөнгөтэй л бол бүхнийг болгоно, хэн баян нь л хүссэнээ авч, бүгдийг захирна гэх үзлийг нь эхэндээ үзэн ядаж дургүйцэх ч сүүлийн монолог дээр нь л Лужиныг хайрлаж эхэлнэ. Тэр өөрөөсөө "би муу хүн юм гэж үү?" хэмээн асуух мөчид үзэгчид ч энэ тухай дахин эргэцүүлнэ. Амьдралыг намгийн тухай хуультай зүйрлүүлж, дээшээ мацахыг хичээх тусам доороос татаж чангаах нь олширч, доорх үлдэгдлүүдтэй хоцрохгүйн тулд бусдын үзэн ядах цүнх баригчийн амьдралаар амьдарснаа ярьдаг. Тийм гүн түүх, үйл явдал байсан учраас Лужин ийм хүн болсон шүү гэдгийг харуулах найруулагчийн санаа ч яг таг биелсэн.

Г.Золзаяа Сонягийн дүрийг тун сайн ойлгосон нь ажиглагдсан. Гэр бүлээ тэжээхийн тулд биеэ үнэлэгч болсон насанд хүрээгүй охины эмзэгхэн сэтгэл зүй, хүрэхээс ч болгоомжлох нарийн зөөлөн дуу хоолой нь нээрээ л ийн амьдарч буйг нь өрөвдөн, нулимс урсгахад хүргэнэ. Гэсэн ч тэр бас л өөрийгөө бууж өгөх эрхгүйг мэддэг хүчирхэг нэгэн. "Юу ч болсон зүгээр л тэвч" гэх монолог нь хөөрхий охины үзэж туулж, хуримтлуулсан бүхий л гэм нүглийг ямар их хүчээр давж гарсныг харуулна. Гэвч Соня гол дүрийн баатарт маань дурлаж, дахин төрсөн мэт гэгээлгээр инээмсэглэн Раскольниковийн тухай ярих мөчид гүйж очоод тэврээд авмаар тийм л ариун нандин санагдана. Түүнийг нийгэм нь гэмтэн гэж хараах боловч сэтгэл зүрхэндээ хэнээс ч илүү цагаан цайлган нэгэн тул эцсийн мөчид хүний амь бүрэлгэсэн хайртаасаа холдолгүй дэргэд нь үлдэн, бурханд итгэх итгэлийг заана. Асар их сэтгэлийн тэвчээр шүү.

Свидригайлов гэх хөгшин, газрын эзэмшигч баяны дүр энгийн нэгэн туслах дүр биш. Ц. Төмөрбаатар гуай яахын аргагүй ур чадвар, туршлагын гайхамшгийг гайхууланхан зохиолын гол санааг ойлгуулах юм. "Энэ хорвоод эхийн хэвлийгээс гарсан мэт нүгэлгүй, цэвэр ариухан нэгэн та нарын дунд бий юу?" хэмээн шуудхан л асууж орхино. Энэ агшинд өнөө хүний гэм нүглийг шүүхээр ирсэн үзэгчид бүгд одоо л гол санааг ухаарах шиг. Түүний дүр мөнгө, эрх мэдэл байв ч хайргүй бол амьдрал үгүйг харуулна. Тэр гэм нүгэлдээ гэмшсэндээ бус хайргүй хоцорсондоо харуусаж л амиа хорлосон. Хүн хүнээр дутдаг гэдгийг Дуня бүсгүйд ухаангүй дурлаж, өөрийн эхнэрээ хүртэл хороосон түүний харгис боловч өрөвдөлтэй дүр нотолно.

Ийнхүү дүр бүрийн ертөнц, өгүүлэх гэсэн санааг жүжигчид маш сайн ухаж ойлгосноор энэ бүхэн амилж бидний сэтгэлд хүрлээ. Тэдний хэлэх үгс, батлах үзэл санаа бүгд уялдаа холбоог нарийн гаргаж өгсөн нь авууштай.

ORFEY Theater

https://www.facebook.com/Orfey...