Санал асуулга

2023 оны 12 сарын 14

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөлд санал авч байна.

2023-12-14 - 2024-01-14

Төсөл

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны ... сарын ...-ны өдөр                            Дугаар ...                             Улаанбаатар хот

 

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн

улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг

тогтоох тухай

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалт, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, Автотээврийн тухай хуулийн 171.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг 720,000 байхаар тогтоосугай.

 2.Энэ  тогтоолын 1-д заасан хязгаарт багтаан олгох тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг батлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д даалгасугай.

 3.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-д даалгасугай.

ДАРГА                                Ж.БАТБАЯСГАЛАН

 


ТАНИЛЦУУЛГА

 Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох тухай

           Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, Автотээврийн тухай хуулийн 171.5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлд олгох автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтооход хуульд заасны дагуу нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзах бөгөөд эдгээр харгалзах нөхцөлүүд нийслэл Улаанбаатар хотод дараах байдалтай байна.

Хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдэж, түгжрэлийн улмаас 2021 онд гэхэд алдагдсан боломжийн өртөг 3.82 их наяд төгрөг, нийслэл хотын хүн амын тоонд харьцуулан үзвэл нэг хүнд ногдох өртөг 2,478,758 төгрөгт хүрчээ.[1]

Үндэсний статистикийн хорооны “Статистикийн мэдээллийн нэгдсэн сан”-ийн мэдээллээр манай улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.2 сая орчим автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 56 хувь буюу 712,992 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Сүүлийн 10 жилд улсад бүртгэлтэй автотээврийн хэрэгслийн тоо 107 хувиар буюу 2 дахин, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 93 хувиар хувь буюу 1.9 дахин нэмэгдсэн байна. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 47000 автотээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна.

 Нийслэлд бүртгэлтэй автотээврийн хэрэгслийн өсөлтийг 2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тээврийн хэрэгслийн жилийн дундаж өсөлтийг 6 хувиар тооцож үзэхэд 2025 онд 839,838, 2030 онд 1,129,379, 2035 онд 1,518,742, 2040 оны 2,042,341 автотээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоололтой байна. 

Нийслэлийн статистикийн газар, Нийслэлийн замын хөгжлийн газрын мэдээлэлд дурдсанаар Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 531 км-ээс 1213 км болж 43 хувиар нэмэгдсэн боловч тус хугацаанд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 367.8 мянгаас 712.9 мянгад хүрч 93 хувиар нэмэгдсэн тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг авто замын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байна.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагаас (гүйцэтгэгч байгууллага нь ALMEC Corporation, CTI Engineering International Co.,Ltd) 2022 онд хийсэн “Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийг бэхжүүлэх суурь судалгаа”-нд дурдсанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9км/цаг-13км/цаг болсон. Энэ байдлаар үргэлжилбэл 2030 онд 5км/цаг, 2040 онд 0км/цаг буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байх тооцооллыг гаргасан байна.

[1] Эм эм си жи, “Түгжрэлээс үүсэх нийгэм эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцох судалгаа”

 

              НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН УРТ, БҮРТГЭЛТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОО

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан мэдээллээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түгжрэл хамгийн ихээр үүсдэг их тойруугийн бүс /32-ын тойрог/-д өдөр тутам 198,000-233,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд эдгээр замыг төвлөрлийн бүс гэж авч үзвэл авто замын урт 62 км буюу нэг эгнээнд шилжүүлсэн урт 1,354,000 метр болж байна.

  Энэхүү уртад тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын урт, тээврийн хэрэгслийн урт, нэг тээврийн хэрэгсэлд ногдох зайгаар тооцоход тээврийн хэрэгсэл 25 км/ц-аас дээш хурдтай зорчих бол 85,783 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой байна. Харин автотээврийн хэрэгслийг 9-24 км/ц-ийн хурдтай зорчино гэж тооцоолбол 156,773 тээврийн хэрэгсэл төвлөрлийн бүсэд зорчих боломжтой байна гэсэн тооцоолол гарсан.

 

 

 

 

 

 

 

 

Иймд Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дугаар авсан тээврийн хэрэгслийн тоогоор тогтоохоор тогтоолын төсөл боловсруулав.

                                           --- оОо ---

 

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөлд санал авч байна. 

Холбогдох саналыг uitumen.g@ulaanbaatar.mn цахим хаягт ирүүлнэ үү.    Холбогдох утас:11-329169

Нийт санал:

voteImg

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмын төсөлд иргэдээс санал авч байна.

2023-12-20 - 2024-01-22

 ТӨСӨЛ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  2023 оны . . . сарын . . .-ны өдрийн . . . тогтоолын хоёрдугаар хавсралт


МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСИЙН ХИЛ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ, ХОРИГЛОСОН БҮСЭД НЭВТЭРСЭН МАЛЫГ ТҮР

 ХАДГАЛАХ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОН ГАРСАН ЗАРДЛЫГ

НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 1.1.Энэ журмын зорилго нь Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс (цаашид “хориглосон бүс” гэх)-д нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Хориглосон бүсэд мал нэвтэрсэн тохиолдолд энэ журмын дагуу түр хадгална.

1.3.Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах хашаа руу тууж, тээвэрлэх явцад иргэн, хуулийн этгээдээс малаа авах хүсэлт гаргасан тохиолдолд малыг өмчлөгч, эзэмшигчид шилжүүлнэ. 

1.4.Журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг нийслэл, дүүргийн төсөвт тусгаж батлуулна. 

1.5.Журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах бөгөөд малчин, мал бүхий иргэнд таниулах ажлыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

 

Хоёр.Удирдлага, зохион байгуулалт

 

2.1.Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах хашаа байна.

2.1.1.Малыг түр хадгалах хашаа нь малын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан байна.

2.1.2.Хадгалагдсан малд халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд малаас тусгаарлах хашаатай байна.

2.1.3.Түр хадгалах хашаа нь харанхуй үед үзэгдэх боломжийг хангасан гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангасан дүрс бичлэгийн хяналтын камер, харуул хамгаалалтын ажилтан, түүний ажиллах нөхцөлийг хангасан ажлын байртай байна.

2.1.4.Түр хадгалах малыг өвс, тэжээл, усаар хангах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2.2.Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах үйл ажиллагааг эрхлэн явуулах хуулийн этгээдийг дүүргийн Засаг даргын Тамгын газар сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.

2.3.Малыг түр хадгалах ажлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан хуулийн этгээд эсхүл дүүргийн Засаг даргын Тамгын газар удирдан зохион байгуулна.

 

Гурав.Мал аж ахуй эрхлэхийг хориглосон

бүсэд нэвтэрсэн малыг илрүүлэх

3.1.Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хориглосон бүсэд хариулгагүй нэвтэрсэн малыг илрүүлэх, иргэдээс мэдээлэл авах, түүнийг зарлан мэдээлэх утас, цахим хаяг ажиллуулна.

3.2.Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хөдөлгөөнт эргүүл болон гэрээт ажилтан ажиллуулна.

3.3.Хориглосон бүсэд хариулгагүй мал нэвтэрсэн нөхцөлд хөдөлгөөнт эргүүл болон гэрээт ажилтан Цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлнэ.

3.4.Гэрээт ажилтан нь малын тоо толгой, бэлчиж байсан байршил, зүс, им тамга, содон тэмдэг, зураг, дүрс бичлэг зэрэг нотлох баримтуудыг үйлдэнэ.

3.5.Энэ журмын 3.4-т заасан малыг түр хадгалах хашааны харуул хамгаалалтын ажилтанд тууж, шаардлагатай тохиолдолд тээвэрлэж хүлээлгэн өгнө.

3.6.Гэрээт ажилтаны мэдээллийн дагуу шаардлагатай тохиолдолд хээлтэй, төллөсөн, өвчтэй, гэмтсэн малыг тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.


Дөрөв.Түр хадгалах хашаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1.Малыг түр хадгалах хашааг хариуцан ажиллуулах хуулийн этгээд дараах чиг, үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1.түр хадгалагдсан малыг өмчлөгч, эзэмшигч нь тогтоогдох хүртэл маллаж, шаардагдах өвс, тэжээл, усны нормын дагуу тэжээж, тухай бүр бүртгэл хөтлөх;

4.1.2.түр хадгалагдсан малыг өмчлөгч, эзэмшигчид нь хүлээлгэн өгөхдөө үйлчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай санхүүгийн баримт, удирдлагын зөвшөөрлийг үндэслэн малын нас, зүс, тоо, хэмжээг нэг бүрчлэн бичиж, акт үйлдэх;

4.1.3.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд холбогдох мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэх бөгөөд тус хуулийн 15.2 дахь хэсэгт заасан арга хэмжээг авах;

4.1.4.Нийслэлийн Мал эмнэлгийн газар нь хашаалсан малд шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үзлэг хийж, халдварт өвчний сэжигтэй малыг тусгаарлах, онош баталгаажуулах, өвчинтэй тэмцэх, эрүүл малыг шилжүүлэх арга хэмжээг авч ажиллана.

4.1.5.Хашаанд зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

4.1.6.Мал түр хадгалах байр, тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж ажлыг зохион байгуулж ажиллана.

4.1.7.Түр хадгалах хашаанд байгаа малд халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд өвчтэй малыг тусгаарлах, эрүүл малыг шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана.

4.2.Түр хадгалсан  малын өмчлөгч, эзэмшигчийг тогтоох зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх бөгөөд мэдээлснээс хойш З хоногийн дотор өмчлөгч, эзэмшигч нь тогтоогдоогүй тохиолдолд малыг цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.


Тав.Хашаалсан малд үзүүлсэн үйлчилгээний зардлын нөхөн төлбөр

5.1.Малыг өмчлөгч, эзэмшигчид нь хүлээлгэн өгөхдөө тухайн малыг түр хадгалахтай холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлнэ.

5.2.Энэ журмын гуравдугаар хавсралтаар батлагдсан жишиг төлбөр хураамжийн хэмжээг баримтална. 

5.3.Малыг түр хадгалсантай холбогдон гарах зардалд дараах зардал хамаарна.

5.2.1.туусан, тээвэрлэсэн зардал;

5.2.2.өвс, тэжээл, ус, арчилгаа, маллагааны зардал;

5.2.3.мал эмнэлгийн ажил үйлчилгээний зардал;

5.2.4.бусад зардал.

5.4.Энэ журмын 5.3-т заасан зардлыг хуулийн этгээдийн дансанд төвлөрүүлнэ.

5.5.Энэ журмын 5.4-т заасан төлбөрийн баримтыг үндэслэн санхүүгийн тэмдэг,

тусгай дугаараар баталгаажсан бэлэн мөнгөний орлогын баримт 2 хувь үйлдэж, нэг хувийг малын өмчлөгч, эзэмшигчид олгоно.

5.6.Малын түр хадгалах хашаанаас авч гарснаас хойш гэмтэл, осол учирсан тухай гомдлыг тухайн түр хадгалах хашааны үйл ажиллагааг хариуцаж байгаа байгууллага хариуцахгүй.

5.7.Хориглосон бүсэд нэвтэрсэн малын эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдоогүй нөхцөлд Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.     


Зургаа.Малыг түр хадгалах хашааг хариуцан ажиллах

хуулийн этгээдэд тавигдах шаардлага чиг, үүрэг

6.1.Малыг түр хадгалах хашааг хариуцан ажиллах хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:

6.1.1.холбогдох хуульд заасан шаардлагыг хангасан байх;

6.1.2.ажиллах хүний нөөцийн чадавхтай байх;

6.1.3.мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй гэрээ байгуулсан байх;

6.1.4.ажил гүйцэтгэхэд шаардагдах тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх.

6.1.5.малын өвс, тэжээл, усны зардал, ажилчдын цалин, холбогдох урсгал зардлыг үйл ажиллагаанаас олсон орлогоор санхүүжүүлэх;

6.1.6.түр хадгалагдсан малын төл хорогдсон, хээл хаясан тохиолдолд 24 цагийн дотор харьяа дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэж, шалтгаан нөхцөлийг тогтоолгох, хашааг халдваргүйжүүлэх арга хэмжээ авах;

6.1.7.үйл ажиллагааны тайлан болон зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газарт сар бүр тайлагнах.

6.2.Түр хадгалсан малыг туусан болон тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн тухай тэмдэглэл, хашаанд оруулсан цаг, минутыг дэвтэрт бүртгэж, мэдээллийн нэгдсэн санг хөтлөнө.

 

Долоо.Хариуцлага

7.1.Төрийн байгууллагын албан хаагч энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

7.2.Малчин төрийн албан хаагчийн биед халдсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх Хориглосон бүсэд хариулгагүй нэвтэрсэн малыг түр хадгалах ажил, үүргээ гүйцэтгэх буй албан хаагчдын аюулгүй, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, хамтран ажиллана.

---оOо---

 Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах журмын төсөл дээр иргэдээс санал авч байна.

Иргэн та nhhaag.ub@gmail.com цахим хаягт журмын төсөлд тусгах саналаа ирүүлнэ үү.

Тодруулга мэдээлэл авах холбогдох дугаар: 70140423, 70140424

 

Нийт санал:

voteImg

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

2023-12-20 - 2024-01-23

 

ТӨСӨЛ

 

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.11, 35 дугаар зүйлийн 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь.

1.Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх санг байгуулсугай.

 2.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг хавсралтаар баталсугай.

3.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрмийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.

4.Батлагдсан журмыг холбогдох хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-д даалгасугай.

 

                                       

                                        ДАРГА                                               Ж.БАТБАЯСГАЛАН

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

... оны .... дугаар сарын .... -ны өдрийн

....дугаар тогтоолын хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ 

Нэг.Нийтлэг үндэслэл  

1.1.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан "Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан” (цаашид "Сан" гэх)-гийн удирдах, түүний хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, эх үүсвэрийг бүрдүүлэх болон зарцуулалтад хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих үйл ажиллагаанд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.

1.3.Энэ журамд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан нэр томьёог хэрэглэнэ.

 

Хоёр.Сангийн удирдлага, зохион байгуулалт 

2.1.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулалтыг Нийслэлийн Засаг дарга хариуцан удирдана.

2.2.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн нэгдсэн данс нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дансанд төгрөгөөр байршина.

2.3.Сангийн стратеги бодлогыг тодорхойлох, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, сангийн тухайн жилийн төсөв, төлөвлөгөөг батлах,  гүйцэтгэлийг хянах, сангийн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус сангийн зөвлөл байгуулна.

2.4 Сангийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүн бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.5.Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэнэ.

 

Гурав.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, захиран зарцуулалт 

3.1.Сангийн хөрөнгийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтад заасан дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ.

3.1.1.нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулсны орлого;

3.1.2.Автотээврийн тухай хуулийн 171.5-д заасан хязгаарт багтаан шинээр олгох автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар худалдан борлуулсны орлого;

3.1.3.нийтийн тээврийн хэрэгслийн авто зогсоол дахь барилга байгууламжийг хүн, хуулийн этгээдэд төлбөртэй ашиглуулсны орлого;

3.1.4.нийтийн тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл, бүртгэлийн орлого;

3.1.5.нийтийн тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн хуулиар хориглоогүй хандив, тусламж, бусад;

3.2.Орон нутгийн төсвөөс санхүүждэг бол сангийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шаардлагатай эх үүсвэрийн тооцоог гаргаж, дараа жилийн төсөвт суулгуулах саналаа жил бүрийн 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор Нийслэлийн нийтийн тээврийн газарт хүргүүлнэ.

3.3.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл нь тухайн хүсэлт гаргасан салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд холбогдох санхүүжүүлсэн зардлыг тус салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Санд эргэн төвлөрүүлнэ.

3.4.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.6 дахь заалтад заасны дагуу зарцуулна.

3.5.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн тухайн жилд батлагдсан хөрөнгийн 40 хувийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасан үйл ажиллагааг, 30 хувийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4-д заасан үйл ажиллагааг, 30 хувийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.6-д заасан үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах чиглэл баримтлана.

3.6.Тухайн жилд батлагдсан хөрөнгийг энэ журмын 3.5-д заасны дагуу хувиар зарцуулах боломжгүй тохиолдолд гарвал хувийг өөр бусад үйл ажиллагаанд зарцуулж болно.

3.7.Тухайн жилд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг нийслэлийн Засаг дарга баталж, хэрэгжүүлнэ.

3.8.Сангаас санхүүжилтээр авах автотээврийн хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан байна.

3.8.1.хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл байх, хуульд заасан түншлэлийн төрөл, хэлбэрт нийцсэн байх;

3.8.2.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, инновац, шинэ технологийг нэвтрүүлэх боломжтой байх;

3.8.3.байгаль орчинд сөрөг нөлөөгүй, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх;

3.8.4.нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх;

3.8.5.аймаг, нийслэлийн зүгээс гаргасан санал нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдсэн байх;

3.9. Сангийн хөрөнгийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, энэ журамд  зааснаас бусад үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.

3.10.Сангийн хөрөнгийг хууль, энэ журамд зааснаас бусад үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.

Дөрөв.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээг сонгон шалгаруулах 

4.1.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулна.

4.2.Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн удирдамжид дараахь асуудлыг тусгана:

4.2.1.шалгалтыг зохион байгуулах хэлбэр (цахимаар болон танхимаар);

4.2.2.үнэлгээний шалгуур үзүүлэлт болон үнэлэх аргачлал;

4.2.3.сонгон шалгаруулалт явуулах хугацаа;

4.2.4.гомдол маргаан шийдвэрлэх зохицуулалт;

4.2.5.сонгон шалгаруулалт явуулах Ажлын хэсгийн гишүүдийн үүрэг, хариуцлага.

 

Тав.Сангийн хөрөнгийн санхүүжилт, зарцуулалтад хяналт тавих 

7.1.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, захиран зарцуулалт, удирдлагад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тавина.

7.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Санд жил бүр төрийн аудитын байгууллагаар, гурван жил тутамд олон улсын аудитын байгууллагаар аудит хийлгэнэ. Шаардлагатай тохиолдолд Санд санхүүгийн хяналт, шалгалт хийж болох бөгөөд тайлан, дүгнэлтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тухай бүрд танилцуулна.

7.3.Нийслэлийн Засаг дарга Сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн тайлагналтыг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй бөгөөд Сангийн жилийн орлого, зарлагын тайланг тухай бүр өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

7.4.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн төвлөрүүлэлт, түүний зарцуулалт болон үлдэгдлийг улирал бүрийн тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын асуудал хариуцсан нэгжүүд гаргаж дараа улирлын 15-ны дотор, жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлд НИТХ-д хүргүүлнэ.

 

Зургаа.Бусад

 

6.1.Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, энэхүү журмыг зөрчсөн холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.2.Сангийн хөрөнгийг зарцуулах, хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг Нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргана.

---о0о---


ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

            Иргэний саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн төрөл, хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилгоор Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан.

            Энэ хуульд нийслэл хот нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байхаар зохицуулсан. Мөн хуулийн 7 дугаар зүйлд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулах зориулалт зэргийг заасан бөгөөд сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар хуульчилсны дагуу журмын төслийг боловсруулсан.

            Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмын төсөл нь 6 зүйлтэй. Үүнд:

            Нэг.Нийтлэг үндэслэл

            Хоёр.Сангийн удирдлага, зохион байгуулалт

            Гурав.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, захиран зарцуулалт

            Дөрөв.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээг сонгон шалгаруулах

            Тав.Сангийн хөрөнгийн санхүүжилт, зарцуулалтад хяналт тавих

            Зургаа.Бусад.

 

            Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг улс, орон нутгийн төсвөөс удаа дараа их хэмжээний хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байсан боловч нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжид илэрхий ахиц дэвшил гарахгүй, парк шинэчлэлт тогтмол хийгдэхгүй байгаа тул Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулах замаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж энэхүү журмын төслийг боловсруулсан юм.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

         Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмын төсөлд санал авч байна.

Иргэн та журмын төсөлтэй танилцаад санал байвал bayalagtsengel.d@ulaanbaatar.mn хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох утасны дугаар: 11-329169

 

Нийт санал:


Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрмийн төсөлд иргэд олон нийтээс санал авч байна. Иргэн та дүрмийн төсөлтэй танилцаад санал байвал bayalagtsengel.d@ulaanbaatar.mn хаягаар ирүүлнэ үү. Холбогдох утасны дугаар: 11-329169

2023-12-21 - 2024-01-22

 

ТӨСӨЛ

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.11 дэх заалт, 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

            1.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрмийг хавсралтаар баталсугай.

        2.Батлагдсан дүрмийг холбогдох хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Д.Амгалан)-д даалгасугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Л.Хосбаяр)-т үүрэг болгосугай.

 

            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

            УЛААНБААТАР ХОТЫН

            ЗАХИРАГЧ                                                               Х.НЯМБААТАР

 

 

 

Нийслэлийн Засаг даргын

... оны .... дугаар сарын .... -ны өдрийн

....дугаар захирамжийн хавсралт

  

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ

ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ДҮРЭМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 7 дугаар зүйлд заасан “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан” (цаашид “Сан” гэх)-ийн удирдлага, зохион байгуулалт, чиг үүрэг, хөрөнгийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зарцуулалт, хяналт тавих, тайлагнахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийг баримтална.

 

1.2.Сангийн үйл ажиллагаа нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

 

1.3.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 7.2-д заасан журмаар зохицуулна. 

 

1.4.Сан нь Нийслэл дэх Төрийн санд тусгай данстай байна. 

 

Хоёр.Сангийн чиг үүрэг

 

2.1.1.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан нь  нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, парк шинэчлэл, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төвлөрлийг сааруулах, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сангийн хөрөнгийг холбогдох хууль, журамд заасан зориулалтаар зарцуулна. 

2.2. Сан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.2.1.Нийслэлийн нийтийн тээвэрт ашиглах автобусны чанар хүртээмжийг         нэмэгдүүлэх; 

2.2.2.Шинэ төрлийн багтаамж ихтэй нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх; 

2.2.3.Нийтийн тээврийн хэрэгслийн эгнээ, автобусны буудал, авто зогсоолыг төлөвлөх, байгуулах, хөдөлгөөн зохион байгуулах техник, хэрэгсэл, зураг, дуу-дүрсний бичлэгийн болон хэмжилт-хяналтын төхөөрөмж суурилуулах, тоноглох; 

2.2.4.Нийтийн тээврийн хэрэгсэлд зориулсан авто зогсоол /автопарк/ барих;

2.2.5.Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэх; 

2.2.6.Нийтийн тээврийн үйлчилгээг төлөвлөх, зохион байгуулах чиглэлээр ажиллах хүний нөөцийг сургаж, дадлагжуулах. 

2.3.Сангийн хөрөнгийг бүрдүүлэлт, захиран зарцуулалт, хэрэгжилтэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хяналт тавина.

 

Гурав.Сангийн удирдлага, зохион байгуулалт, чиг үүрэг 

3.1.Сангийн удирдлага нь Удирдах зөвлөл байна. 

3.2.Сангийн Удирдах зөвлөл нь орон тооны бус 7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

3.3.Сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга томилно. 

3.4.Сангийн Удирдах зөвлөлийн дарга нь Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хариуцсан орлогч, нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгжийн дарга байна.

3.5.Сангийн Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

3.6.Сангийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Хурлын тэмдэглэлд Сангийн Удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурснаар баталгаажна.

3.7. Сангийн Удирдах  зөвлөл нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

           3.7.1.Сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

           3.7.2.Сангийн хөрөнгийн зарцуулалтыг хариуцан удирдаж, хяналт тавьж, тайлагнах;

           3.7.3.Санг төлөөлж дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай харилцах;

3.7.4.Санд жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагаар, гурван жил тутамд төрийн аудитын байгууллагаар хяналт, шалгалтыг хийлгэнэ. Шаардлагатай тохиолдолд Санд санхүүгийн хяналт, шалгалт хийж болох бөгөөд тайлан, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргад тухай бүр танилцуулна. 

3.7.5.Сангийн хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн тайлагналт ил тод, нээлттэй байх бөгөөд Сангийн жилийн орлого, зарцуулалтын аудитлагдсан  тайланг  дараа оны 04 дүгээр сарын 30-ны дотор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна. 

3.7.6.Сангийн стратеги бодлогыг тодорхойлох, тухайн жилийн төсөв, төлөвлөгөөг батлах,  гүйцэтгэлийг хянах, сангийн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх. 

 

Дөрөв. Бусад

4.1.Сангийн удирдах зөвлөлөөс сангийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн Засаг дарга батална.

4.2.Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

4.3.Сангийн хөрөнгийг бусдад хандивлах, барьцаалах, зээлээр ашиглуулах буюу энэ дүрэмд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

4.4.Санг татан буулгасан тохиолдолд тус сангийн өмч, хөрөнгөтэй холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ 

---о0о---

 

ЗАХИРАМЖИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

            Иргэний саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн төрөл, хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилгоор Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан.

            Энэ хуульд нийслэл хот нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байхаар зохицуулсан. Мөн хуулийн 7 дугаар зүйлд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулах зориулалт зэргийг заасан бөгөөд сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрмийг нийслэлийн Засаг дарга батлахаар хуульчилсны дагуу дүрмийн төслийг боловсруулсан. 

            Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрэм нь 4 зүйлтэй. Үүнд:

            Нэг.Нийтлэг үндэслэл

            Хоёр.Сангийн чиг үүрэг

            Гурав.Сангийн удирдлага, зохион байгуулалт, чиг үүрэг

            Дөрөв.Бусад.

            Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг улс, орон нутгийн төсвөөс удаа дараа их хэмжээний хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байсан боловч нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжид илэрхий ахиц дэвшил гарахгүй, парк шинэчлэлт тогтмол хийгдэхгүй байгаа тул Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулах замаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж энэхүү дүрмийн төслийг боловсруулсан юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрмийн төсөлд санал авч байна.

Иргэн та дүрмийн төсөлтэй танилцаад санал байвал bayalagtsengel.d@ulaanbaatar.mn хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох утасны дугаар: 11-329169

 

Нийт санал:

voteImg

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна. Саналаа дараах niislel_hh@ntg.mta.gov.mn болон munguntulga.b@ntg.mta.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

2023-12-28 - 2024-01-28

 

“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Засгийн

газрын тогтоолын төсөл

 

2023 оны ... дугаар сарын ... өдөр                        Дугаар                              Улаанбаатар хот

 

            ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН 2 ДУГААР ЗҮЙЛ, УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООХ НЬ:

1.     Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 173 дугаар тушаалын 15 дугаар зүйлийн 15.1.6 -т “автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 280,000 (хоёр зуун наян мянга) төгрөг” гэснийг “автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10,000,000 (арван сая) төгрөг” гэж өөрчилсүгэй

 

Гарын үсэг

 Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна. Тогтоолын төсөлд тусгах саналаа  niislel_hh@ntg.mta.gov.mn болон  munguntulga.b@ntg.mta.gov.mn  цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох утасны дугаар: 99094994 311307

https://www.ulaanbaatar.mn/vot...