1974 он Л.И.Брежневийн амлалт

БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойн хүрээнд ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев манай оронд албан ёсны айлчлал хийх үеэр “Монголын соёл, урлаг, шинжлэх ухааны ажилтнуудад бэлэг болгон шинжлэх ухаан, техник, соёлын томоохон ордныг сууцны гурван барилгын хамт ЗХУ-ын хөрөнгөөр барьж өгөх”-өөр амлаж, Монгол Улсын академийн ерөнхийлөгч Б.Ширэндэв талархан хүлээн авчээ.

1982 он

Шинжлэх ухаан, техник, соёлын ордныг барих тухай хэлцэл, маргаан, мэтгэлцээн Москвад ч, Улаанбаатарт ч өндөр түвшинд олон жил үргэлжилж, ЗХУ-ын Гадаадтай Эдийн Засгийн талаар Харилцах Улсын Хороо, Иргэний барилга, байгууламж, архитектурын орлогч дарга нарын албан даалгавар 1982 оны 4-р сарын 19-ний өдөр гарч, барилгыг барих газар, зураг төслийг зохиох, хийц, загвар, хэдэн давхар, хаана барих зэрэг асуудлуудыг хэлэлцэж, олон удаа зөвшилцсөний эцэст Дуурийн театрын хойд талд байсан МУИС-ын багш нарын болон оюутны байрын дан байшингийн суурин дээр Соёлын Төв Өргөөний гал голомтыг бадраах их ажил эхэлсэн.


1984-1988 он 4 жил үргэлжилсэн бүтээн байгуулалт
Соёлын Төв Өргөөний барилга байгууламжийг Соёлын яам хариуцан зураг, төслийн дагуу Зөвлөлтийн барилгын 2-р трестийн 800 барилгачид 4 жилийн хугацаанд барьж гүйцэтгэв.

Соёлын Төв Өргөөний цогцолбор барилгыг ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар барьж, манай улсад бэлэглэсэн бөгөөд 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор хүлээн авах баримт бичигт МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн БНМАУ-ын Сайд нарын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ, СНЗ-ийн орлогч дарга Б.Алтангэрэл, ЗХУ-аас БНМАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.И.Ситников нар шинэ ордонг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурж, Соёлын яамны сайд Б.Сумъяа, Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Н.Содном нарт дурсгалын түлхүүрийн гардуулан өгч байсан юм.


Нэршлийн өөрчлөлт 

-1988 оны 12 сарын 29-ний өдөр Монголын тал албан ёсоор ШУТСО нэртэйгээр хүлээн авсан
-1987-1991 онд ШУТСО-ны Үйлчилгээ аж ахуйн газар
-1992-1997 онд Соёлын яамны сайдын тушаалаар “Соёлын төв өргөөний цогцолбор”
-1998 онд Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар Төрийн өмчийн 6-р байрны ашиглалтын захиргаа”
-1999 оноос одоог хүртэл Нийслэлийн Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 30-ны А-209 тоот захирамжаар “Нийслэлийн Соёлын төв өргөө” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.